Радон гэж юу вэ?

Байгалийн цацраг идэвхт элемент болох ураны задралын бүлд радигаас үүсэх Радон (222Rn) нь аливаа үнэр, өнгөгүй бөгөөд цацраг идэвхт хий юм. Цацрагийн хамгаалалтын олон улсын комиссын тайлангаас үзэхэд радон хий нь тамхи татдаггүй хүмүүсийн хувьд уушгины хорт хавдар үүсгэгч 1, татдаг хүмүүсийн хувьд тамхины дараагаар 2 дахь гол шалтгаан болж байна (ICRP publication 126, 2014).

Радоны талаар товч мэдээлэл өгөх зорилгоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын хэлтсийн бэлтгэсэн видео бичлэгийг хүргүүлж байна: https://fb.watch/5nDUZy-m50/

Англи орны хувьд радоны улмаас жилд ойролцоогоор 2000 хүн уушигны хорт хавдраар нас барж байгаа ба энэ нь уушигны нийт хавдрын 6% ба тамхины дараагаар мөн уушигны хавдрын 2 дахь гол шалтгаан болж байна (S.Darby, D.Hill et al. 2001).

Манай орны хувьд хүн амын радоноос авч буй цацрагийн шарлагыг үнэлэх аргачлал боловсруулагдаагүй, Монгол улсын нутаг дэвсгэр, хүн амыг хамарсан судалгаа хийгдээгүй байна.

Дунд сургуулийн сурагчдын дунд 2013 онд хийсэн судалгаанаас үзвэл судалгаанд хамрагдсан 1130 сурагчийн 36,1% буюу 407 сурагч тамхи татдаг болох нь тогтоогджээ (О.Оюун-Эрдэнэ, Ч.Солонго, С.Цэгмэд нар 2013). Тамхи таталт, радон хий, агаарын бохирдол зэрэг хүчин зүйлүүд бүгд нийлээд уушигны хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлж байдаг.

Хавдар судлалын үндэсний төв, Үндэсний статискийн хороо болон Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс 2020 онд гаргасан статистик мэдээнээс үзэхэд манай улсын хувьд уушгины хорт хавдрын өвчлөл элэг, ходоодны хорт хавдрын өвчлөлийн дараа орж байна. Монгол Улсын хэмжээнд 2010-2019 оны хооронд уушгины хорт хавдрын 4182 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. 2019 онд энэ үзүүлэлт 492 болж, сүүлийн 10 жилийн дунджаас 74 (17.6%)-өөр нэмэгдсэн байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2016-2019 онуудад эмнэлэг, цэцэрлэг, сургуулийн анги танхимуудад хуримтлагдсан радон хийний хуримтлалыг хэмжсэн байна. Нийслэлийн 186 обьектод тандалт судалгаа хийхэд 22 барилгын  34 цэгт зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн үзүүлэлттэй гарчээ. Гэхдээ дээрх хэмжилтийг хаврын улиралд илүүтэй хийсэн учраас барилгууд харьцангуй агааржуулалт сайтай байх үе таарсан. Харин өвлийн улиралд хэмжилт хийсэн барилгуудын талаас илүү хувь нь радон хийн хуримтлал их байсныг мэргэжлийн байгууллагаас тодотгосон талаар бичсэн байна.

Сүүлийн 10 гаруй жил агаарын бохирдлыг дорвитой бууруулж чадаагүй, тамхины хэрэглээ буурах хандлага ажиглагдахгүй байгаа энэ үед нийт хүм амын дунд уушигны хавдрын эрсдлийг бууруулах зорилгоор тамхины дараагаар орж буй голлох шалтгаан болох цацраг идэвхт хий радоныг судалж, орон сууц, ажлын байрны агаар дахь радоны хэмжээг тодорхойлох, бууруулах нь чухал ач холбогдолтой юм.

Радон хий нь төрөл бүрийн замаар хуримтлагдах ба ихэвчлэн орон байрны ан цав болон гүний усаар орон байранд нэвтэрч хуримтлагддаг. Иймд барилга байгууламж барихаас өмнө хөрсний иж бүрэн цацрагийн судалгааг гүйцэтгэж шаардлагатай арга хэмжээг авснаар ирээдүйд үүсэх эрүүл мэндийн эрсдэл, хөрөнгө мөнгийг тань хэмнэх ач холбогдолтой.

Өсөж өндийж байгаа балчир хүүхэд, залуу хүмүүсийн бие мах бодь цацрагт илүү мэдрэмтгий байдаг байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ахлах байцаагч И.Ариунсайханы хэлснээр хүүхдийн бодисын солилцоо эрчимтэй, эсийн хуваагдал байнга явагдаж байдаг учраас цацрагт насанд хүрсэн хүнээс илүү мэдрэмтгий, хожим үүсэх үр дагавар нь илүү байдаг байна.

Иймд ус, агаар, орон сууц, ажлын байр дахь радон, байгалийн гаралтай цацраг идэвхт элементуудын агуулга, цацрагийн тунгийн чадлыг хэмжүүлж тодорхойлсноор дээрх эрсдэлээс өөрийгөө болон гэр бүлээ бүрэн хамгаалах боломжтой. Манай байгууллага радоны чиглэлээр Дэлхийд тэргүүлэх ХБНГУ-ын SARAD компанийн албан ёсны дистрибютороор ажиллаж байгаа бөгөөд орон сууц, хувийн байшин, ажлын байр дахь радоныг урт богино хугацаанд тодорхойлох, дохио өгөх зориулалт бүхий багаж тоног төхөөрөмж үйлдвэрээс нь шууд нийлүүлж байна. Та манай ажилтнуудтай холбогдоод өөрийн хэрэгцээнд тохирох багаж төхөөрөмж захиалан авах боломжтой.

Мөн өөрийн орон байр, хүрээлэн буй орчинд (лагарын байшин, ус, хоол хүнс, барилгын материал зэрэг) цацрагийн иж бүрэн судалгаа хийлгэж, ирээдүйд бий болж болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон гэр бүлийнхээ гишүүдийг хамгаалах бүрэн боломжтой.